Trust Finance-ийн зүгээс харилцагчийн хувийн болон эмзэг мэдээллийг бүтээгдэхүүн, үйлчилгээ үзүүлэхтэй холбоотойгоор цуглуулах, боловсруулах, ашиглах, мөн харилцагчийн зөвшөөрсөн хүрээнд гуравдагч этгээдэд дамжуулахдаа Монгол Улсын холбогдох хууль тогтоомж болон олон улсын стандартыг чанд мөрдөн ажилладаг. Үүнд дараах хууль, эрх зүйн баримт бичгүүд хамаарна:
• Монгол Улсын Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хууль
• Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хууль
• Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль
• Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхээс урьдчилан сэргийлэх тухай хууль
• Бусад холбогдох хууль, журам, олон улсын стандартууд
Бид бүтээгдэхүүн, үйлчилгээ үзүүлэхтэй холбоотойгоор дараах төрлийн хувийн мэдээллийг цуглуулж, боловсруулж, ашигладаг. Үүнд:
• Эцэг, эхийн болон өөрийн нэр
• Төрсөн он, сар, өдөр
• Төрсөн газар
• Оршин суугаа газрын хаяг, байршил
• Иргэний бүртгэлийн дугаар
• Боловсрол, гишүүнчлэлийн талаарх мэдээлэл
• Цахим тодорхойлогч (имэйл, утасны дугаар, IP гэх мэт)
• Баримт бичиг, санхүү, зээл болон Trust Finance апп ашиглахтай холбоотой биометрик мэдээлэл
• Төхөөрөмжийн мэдээлэл (утасны загвар, багтаамж, камерын үзүүлэлт болон бусад өгөгдөл)
Харилцагч нь бүтээгдэхүүн, үйлчилгээ авах хүсэлтээ илэрхийлж, гэрээний нөхцөл болон хувийн мэдээлэл цуглуулах, боловсруулах, ашиглах, хадгалахтай холбоотой шаардлагатай мэдээллийг өгөхийг зөвшөөрсөн тохиолдолд Trust Finance үйлчилгээ үзүүлнэ. Хэрэв харилцагч эдгээр нөхцөлийг хүлээн зөвшөөрөөгүй бол бүтээгдэхүүн, үйлчилгээ үзүүлэх боломжгүй. Гэрээ байгуулсан харилцагч нь хувийн мэдээллээ цуглуулах, боловсруулах, ашиглах зөвшөөрлөөсөө татгалзаж, мэдээллээ устгуулах хүсэлт гаргах боломжтой. Үүний тулд бичгээр хүсэлт ирүүлж, гэрээгээ цуцлах шаардлагатай. Гэхдээ Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль, Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, мөн олон улсын стандартад заасан хугацаанаас өмнө мэдээллийг устгах боломжгүй бөгөөд хуульд заасан хугацаанд хадгалсны дараа устгана.
Trust Finance нь харилцагчийн мэдээллийг дараах зорилгоор, холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн ашиглана:
• Зээлийн болон худалдан авалтын эрх тооцоолох
• Судалгаа, шинжилгээ хийх
• Харилцагчид тохирсон бүтээгдэхүүн, үйлчилгээ санал болгох
• Бүтээгдэхүүн, үйлчилгээний чанар, нөхцөлийг сайжруулах
• Мэдээллийн шинэчлэл хийх
• Санхүүгийн болон бусад хэрэгцээт мэдээлэл дамжуулах
• Эрсдэлийн үнэлгээ хийх
• Санхүүгийн болон мэдээллийн аюулгүй байдлыг хангах
Харилцагчийн мэдээллийг дараах тохиолдолд гуравдагч этгээдэд хуваалцана:
1. Хууль тогтоомжид заасан — Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтанд хуульд заасан үндэслэлээр мэдээлэл гаргаж өгөх.
2. Харилцагчийн зөвшөөрлөөр — Маркетинг, бүтээгдэхүүн үйлчилгээний сайжруулалт зэрэг зорилгоор өөрийн болон хамтран ажиллагч байгууллагад нууцлалын гэрээний үндсэн дээр дамжуулах.
Trust Finance нь харилцагчийн хувийн мэдээллийг хуульд зааснаас бусад тохиолдолд задруулахгүй байх үүргээ чанд мөрдөж, мэдээллийн аюулгүй байдлыг хангах зорилгоор ISO/IEC 27001:2013 стандартыг байгууллагын үйл ажиллагаанд бүрэн нэвтрүүлсэн. Энэ нь мэдээллийн нууцлал, бүрэн бүтэн байдал, хүртээмжийг олон улсын түвшинд хангах удирдлагын тогтолцоог бүрдүүлдэг. Харилцагч нь өөрийн нэвтрэх нэр, нууц үг, ПИН код, нэг удаагийн нууц үг-ийг чандлан хадгалж, бусдад дамжуулахгүй байх үүрэгтэй. Хэрэв эдгээр мэдээлэл алдагдсан эсвэл бусад этгээд ашигласан байж болзошгүй тохиолдолд яаралтай Trust Finance-д мэдэгдэж, эрсдэлээс урьдчилан сэргийлэх шаардлагатай.
